
Намар, өвлийн цагт зарим хүн байсхийгээд л ханиад томуу тусч, халуурлаа л бол хэвтэж эмчлүүлдэг бол ихэнх хүмүүс хамрын ханиад ч хүрдэггүй. Үүний шалтгаан нь биеийн дархлаа юм. Хүний биеийг хамгаалдаг системийг нийтэд нь иммунитет буюу дархлааны систем гэдэг.
Энэ үг эртний Ромд үүссэн бөгөөд анх татвараас чөлөөлөгдсөн, халдашгүй дархан эрхтэй иргэнийг иммунтэй гэдэг байжээ. Харин XIX зуунд энэ үг шинэ агуулгаар баяжин анагаахад хэрэглэгдэх болжээ.
Дархлаа гэж юу вэ?
Дархлаа бол төрөл бүрийн бактери, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт юм. Түүнээс гадна дархлаа нь антигенээс (хөндлөнгийн бичил организмууд, токсин, харшил үүсгэгчид) хүний биеийг тусгаарладаг. Тэрчлэн хорт хавдрын эсүүдийг устгаж, залуу насыг уртасгадаг юм байна
Биеийн дархлаа яагаад сулардаг вэ?
Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, лимфийн зангилаа, шингэний урсгал нь “хамгаалах машин”-ы үндсэн зангилаа нь. Энэ нарийн механизм гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Таагүй экологийн орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг. Намар, цаг агаар хүйтрэхэд хүйтэн бороонд хөл норж, жихүүн салхинд даарсны дараах өдөр нь л ханиаж, ангина хүрчихсэн байдаг.
Дархлаа суларсны анхны шинж тэмдэг нь архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйтэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга “ өвдөнө”. Уруул дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй “тулаан” болж буйн илрэл бөгөөд энэ үед яаралтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй.
Юуны түрүүнд дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.